Хурандаа О.Бархасбадид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадид холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн МН/200 дугаар цагаатгах тогтоолтой хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны аравдугаар сарын 25-ны өдрийн МН/82 дугаар магадлалаар хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сануулахад, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадийн хэргийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандаад байсан юм. Гомдлын дагуу прокурорын байгууллагаас О.Бархасбадийг дахин шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байсан юм.