Хоёр, гурван настныг цэцэрлэгт хамруулах саналаа хүргүүлжээ

Боловсрол шинжлэх ухааны яамнаас хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах саналаа УОК-ын нэгдсэн штабт хүргүүлжээ. Хоёр, гурван настай хүүхдүүдээ арваннэгдүгээр сарын 1-ээс цэцэрлэгт авах хүсэлтэй байгаа бөгөөд бэлтгэл ажлаа хангасан байна.

УОК-ын шуурхай штаб болон Эрдэмтдийн зөвлөл, хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах, эсэх дээр нөхцөл байдлын үнэлгээ хийж, шийдвэр гаргах аж. Одоогоор УОК-ын нэгдсэн штаб БШУЯ-ны саналд хариу өгөөгүй байна.

Есдүгээр сарын 1-нд хичээл, сургууль эхлэхэд хүүхдүүдийн дундах халдвар 20 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 17 хувь болжээ. Тиймээс хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчноос халдвар авах нь бага байна гэж үзэж байгаа аж.

Хэрвээ хоёр, гурван настай хүүхдүүдийг ирэх сарын 1-ээс цэцэрлэгт авбал анги дүүргэлт ердийн үеийнхээрээ буюу нэг анги 50-60 хүүхэдтэй байх юм. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх нь багасжээ. Анги дүүргэлт ердийн үетэй харьцуулахад маш бага байгаа учраас хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах нь эрсдэл бага гэж БШУ-ны яамныхан үзэж байгаа аж.