С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Д.Баасанжаргал: Хүссэн даашинзаа өмсөх нь юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж
Өөртөө итгэлтэй инээмсэглэл тодруулсан бүсгүйг Д.Баасанжаргал гэдэг. Гурван хүүхдийн ээж, ханийнхаа түшиг тулгуур болсон тэрбээр 30 насны босго алхжээ. Өөрийгөө ялан дийлж, өөрчлөлтийг бий болгож чадсан нэгэн. 115 кг жинтэй долоон ХL хэмжээтэй хувцас өмсдөг байсан хөвсгөр үе нь өдгөө ард хоцорчээ. Ийн тодотгосны учир өнгөрсөн өвлөөс гэртээ дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож эхэлснээр өнөөдөр 64 кг жинтэй болж чадсан байна. 20 настайдаа анхны хүүхдээ төрүүлснээр гэрийн эзэгтэйн албыг хашсаар 10 жил нүд ирмэхийн зуур өнгөрснийг онцлон хэлж байсан. Сайн хань, ээж байхыг хүсдэг бүсгүйн чин сэтгэлийн үгтэй, бусдад урам өгөх зорилго тээсэн ярилцлагыг хүргэе.
-20 настайдаа ээж болсон гэсэн. Ээж болох мэдрэмжээсээ хуваалцана уу?
-Нэгдүгээр төрөхөд анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Эх хүн болно гэдэг эмэгтэй хүн болж төрсний утга учир гэж боддог. Хийсвэрээр хүндрэлтэй төрсөн болохоор эмчийн захьсан зөвлөгөөг дагасан. Хүнд юм өргөж болохгүй. Дасгал хийхийг хориглосон учраас гам барихыг илүүд үзсэн. Ээж болсноор амьдралд асар их өөрчлөлт гарна. Хүүхдээ харна. Ханиа орой ирэхэд халуун хоолтой угтана. Хажуугаар нь гэрийнхээ ажлыг хийнэ. Энэ хугацаанд сайн ээж, гэрийн эзэгтэй байх гэж хичээснээс өөртөө анхаарал тавьж чадаагүй. Өөрийгөө ор тас орхисон гэсэн үг. Анхны жирэмсэлтэд дээрээ 62-92 кг болсон. Гурван жилийн дараа дахин жирэмсэн болоход 92-98 кг болж жин нэмсэн. Улмаар хиндээ хяналт тавьж эхэлсэн. Хоёр хүүхэдтэй болохоор хариуцлага нэмэгдэнэ. Бага охиноо таван настай байхад буюу 2019 онд хүүгээ төрүүлсэн. Гурван удаа хийсвэр хагалгаанд орсон. Хүүгээ төрүүлэхэд жин 114 кг болсон байлаа. Эмч нар ч хагалгааны өрөөнд оруулахдаа нэрээр дуудахгүй “114 кг” гээд жингээр дуудаж байсан. Тэр үед өөртэйгөө ажиллах хэрэгтэй юм байна гэдэг бодол орж ирсэн.
-Хүүгээ төрүүлээд жин хассан уу?
-105-101 кг болсон ч олон асуудал гарсан. Хөхөнд сүү орохгүй. Хүүхдээ өлсгөхгүйн туулд хуурай идэх юм идэж эхэлсэн дээ. Хавантаж хөөгөөд эрүүл мэндийн хувьд ч биеийн байдал тааруу байсан. Эмчид үзүүлэхэд зүрх болон дотор эрхтнүүд өөхлөлттэй болсон байв. “Баасанжаргалаа миний хүү чи залуу хүн. Бүх эрхтэн өөхлөлттэй учраас зүрх чинь ачааллаа дийлэхгүй дэлсч байна” гээд зүрхний эм бичиж өгсөн. Сүүлдээ нуруу гажиж эхэлсэн. Хэвтэхээр босч чадахгүй. Ханиараа бариулна. Эмнэлэгт үзүүлэхэд нуруунд суулт орсныг мэдсэн. Тэр үеэс өөрийгөө дайчилсан.
-Турахыг хүссэн ихэнх хүмүүс фитнест явдаг. Таны хувьд?
-Фитнест явахаар ачаалал дийлэх үү гэж хамгийн түрүүнд бодсон. Явахаас ичнэ. Тарган байгаагаасаа санаа зовно. Эмэгтэй хүн нүүрээ будаад өөртөө итгэлтэй болдог. Гэхдээ хувцас таарахгүй нь асуудал. Дэлгүүр орохоор чамд таарах хувцас байхгүй гэнэ. Нэг өдөр толинд хараад өөртэйгөө ярилаа. Эмэгтэй хүн юм чинь өөртөө анхаарах хэрэгтэй. Ус уусан ч таргалдаг хүн гэж өөрийгөө өмөөрч болохгүйг ойлгосон. Нэгдүгээр сараас эхэлж зорилго тавьж, өөртэйгөө тулж ажиллахын тулд эрүүл зөв хооллолтын ном худалдаж авч хэрэгжүүлсэн. Юүүтүүбээс өөрт тохирхох дасгалыг түүж хийсэн. Цагаан гаатай гэдэсний ороолтыг тууштай хийснээр үр дүнд хүрч, таргалалтаасаа салж чадсан.
-Өмнө нь та хүссэн үедээ дуртай хоол, амттанаа иддэг байсан. Зорилго тавиад дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллосноор эхний хэд хоногт үр дүн гарав?
-Анх дасгал хийж эхлэхэд хөл, гар хөдөлгөхгүй байгаа юм шиг санагдсан. Уг нь хөдлөөд байгаа юм. См газар ч хөлөө өргөж чадахгүй болохоор, уйлсан. Хань минь “Хайраа чи хөдөлж байна уу” гэнэ. Би чадлаараа хийж байна шдээ гэнэ. Гэхдээ шантраагүй. 105 кг байсан жин 100 кг хүрэхэд урамшдаг юм билээ. Бие хөнгөрөөд см өргөж чадахгүй байсан хөл 5 см өргөж чаддаг болсон. Хань минь Мартаар “Хайраа 60 кг жинтэй болоод таарахаар нь баярлаад зогсч байгаарай гээд фитнесийн хувцас бэлэглэсэн. Хань, ээж, ах, дүү нар минь дэмжиж байгаа юм чинь би чадна гэдэг зорилго тавьсан. Ийм үед ар гэрийн дэмжлэг маш их байдаг юм билээ.
-Дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, цагаан гааны ороолтыг хэр хугацаанд тууштай хийсэн бэ?
-Гурван сарын хугацаанд тууштай өдөр бүр мөрдлөг болгож дасгал хийж, зөв хооллосны үр дүнд 39 кг жин хассан. . Нэгдүгээр сарын 20-нд эхлээд тавдугаар сарын 6-ныг хүртэл тасралтгүй үргэлжлүүлсэн. Зургаа, долдугаар сард завсарласан. Өөртөө амралт өгөх нь чухал. Найм, есдүгээр сард өөрийгөө буцааж дайчилсан. Таван сарын хичээл зүтгэлийн үр дүнгээр нийт 52 кг хассан байгаа. Амарсан учраас буцаж дасгалаа хийж, дэглэмдээ орохгүй бол ор тас хаячихаж магадгүй гэж бодсон. 11 жил өөрийгөө хаясан учраас дахиж алдаа гаргахыг хүсээгүй.
-Таны хувьд гэртээ дасгал хийж турсан. Таргалалтын асуудалтай олон эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Өөрийн турсан туршлагаа бусдад хуваалцдаг уу?
-“Бааскатай хамт гэртээ турж, хүссэн жиндээ хүрцгээе” гэсэн пэйж хуудас нээсэн. Өөрийнхөө туршлагыг бусдад хувалцааж, нэг ч гэсэн хүнд туслахсан гэсэн зорилгоор нээсэн юм.Зөвхөн төрсөн ээжүүд гэлтгүй жингийн илүүдэлтэй олон хүн байдаг. Над руу холбогдож, зөвлөгөө авахыг хүссэн хүн бүхэнд чин сэтгэлээсээ найрсгаар зөвлөдөг. Урам зориг өгч чи чадна гэж хэлнэ. 10 хоног хийж үзээд орхих тал ажиглагддаг. Хүссэн жиндээ хүрч үр дүнд хүрэхийн тулд зорилгодоо эзэн болж тууштай байх хэрэгтэйг зөвлөе.
-Ямар төрлийн дасгал хийсэн бэ?
-Ном дээрх дасгалуудаас өөрийнхөө чадахыг хийсэн. Зарим нь надад хүнддэж байсан. Юүүтүүбээс гадаадын зөндөө олон бичлэг үзнэ. Тэгээд өөрийн бие физиологид тохирсон дасгалыг хийнэ. Сэтгэлзүйн байдал маш чухал.
-Эмэгтэй хүн гоёж гангалахыг хүснэ. Гэтэл жингийн илүүдлээс болоод хүссэн хувцасаа өмсч чадахгүй. Энэмэтчилэн олон асуудал тулгарна. Хэр сэтгэл гутралд орж байв?
-Хөвсгөр байхдаа сэтгэл гутрал ихтэй байлаа. Хөндлөнгийн хүмүүс “Чи таргалаад ямар аймар дэлбэрч байна” гэнэ. Хүүхэд төрүүлээд нялх биетэй сүү ч орохгүй байх үед тэгж хэлдэг хүмүүс зөндөө байдаг. “Миний хань Бааска шиг гамбир битгий болоорой” гээд дэргэд хэлж байлаа. Эхэн үедээ тэр бүхэнд гомдоно. Өөртөө итгэлгүй болж гэрээс гарахаа ч больсон. Хүүхдүүдтэйгээ гэртээ байхыг хүсч эхэлдэг. Өмсөх хувцас л хүртэл асуудал дагуулна. Хувцас худалдаж авахдаа хүртэл гуртрангуй. За таарахгүй юм чинь гэж бодно. Гоё хувцаслах хүсэл байлгүй яахав. Эмэгтэй хүн л юм чинь. Тэгсэн ч таарахгүй. Тиймээс захиалгаар хувцас оёулж өмсөнө. Эсвэл онлайнаар захиалж авна.
-Өнөөдөр тэгвэл өөрийнхөө хүссэн хувцсыг өмсч чадаж байна шүү дээ...
-Хүссэн даашинзаа өөртөө итгэлтэйгээр худалдаж аваад өмсөх юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж. Одоо М размер өмсч байна. Хэдэн жил даашинз өмсөөгүй ч өнөөдөр итгэл дүүрэн өмсөөд алхахад бахархах мэдрэмж төрдөг. Турна гэдэг тухайн хүнээсээ асар их тэсвэр тэвчээр, хөлс хүч шаарддаг.
-Жингийн илүүдэлтэй байж байгаад турснаар таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарч ирэв?
-Миний хань намайг үргэлж дэмжсээр ирсэн. Хувцас таарахгүй. Хавагнах бүрт ханьдаа хэлнэ. Би муухай харагдаж байна уу гэж асууна. “Үгүй ээ. Тарган, туранхай байх нь хэнд хамаатай юм. Чи минь миний гурван хүүхдийг гаргаж өгсөн. Сайхан байна” гэнэ. Намайг сэтгэлээр унагаахгүй гэсэндээ хамгаалж байгаа юм. Турахаар миний өмнөөс баярлаад байгаа нь илт мэдрэгдэнэ. “Хайраа гоё болж байна. Чи минь чадаж байна. Гар, хөл чинь өндөр өргөдөг болжээ” гээд урамшуулна.
Өөрийгөө илүү хөгжүүлэхээр мэргэжлийн сургалтад суралцаж зөв хооллолт, spining-н багшаар төгсөнө. Илүүдэл жингийн асуудалтай ээжүүдэд туслах шийдвэр гаргасан. Таргалаад эхлэхээр эмэгтэй хүн сэтгэлээр маш их унадаг. Одоо ч зөвлөгөө өгч байна. Цааргалах зүйлгүй сэтгэлээсээ зөвлөгөө өгнө. Над руу олон ээжүүд ханддаг. Тууштай хэрэгжүүлээд хүссэн жиндээ хүрсэн хэд хэдэн хүн бий.
-Зарим эмэгтэйчүүд тураах цай, бүтээгдэхүүн хэрэглэх юм. Химийн орц найрлага орсон ч турахын тулд төдийлөн оошойдоггүй санагддаг. Мөн тураах, бүс даруулга зүүх нь хэр нөлөө үзүүлдэг вэ?
-Уг нь бол зөв хооллоод хэвшвэл эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Өөртөө цаг гаргаад амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэвэл үр дүн мэдэрнэ. Хооллохоос гадна дасгалаа тогтмол хийх хэрэгтэй. Би дөнгөж төрсөн. Хүүхэд харж байгаа юм чинь намайг хэн харах вэ. Ямар заваараа дасгал хөдөлгөөн хийх юм гэдэг маш буруу ойлголт. Угаасаа удмын таргалалт гэж өөрсдийгөө өмөөрөх шалтгаан хаанаас ч юм ухаад гаргаад ирдэг юм билээ. Би ч бас тийм л байсан. Гэхдээ тэр маш буруу гэдгийг бие сэтгэлээрээ ойлгосон. Амьдралын нэг хэвшил болгочих юм бол хүссэн жиндээ хүрч өөрчлөлтийг бий болгож чадна.
Тураах кофе, цай, хоолны хувьд ямар нэгэн байдлаар химийн найрлага орсон байдаг. Миний бодлоор зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийсэн нь хавь илүү санагдаж байна. Төрсний дараа даруулга зүүж, баадагнадаг. Энэ нь үр дүнтэй санагддаг. Гэхдээ бүс зүүхээр турдаг уу, ямар бүс дээр вэ гэж асуудаг ээжүүд байна. Дан ганц бүс зүүгээд тэрэндээ найдаад турна гэвэл худлаа. Бүс бол туслах үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Яагаад гэхээр бидний арьс сунаж, агшдаг. Арьсыг хяналтгүй сунахаас хамгаалж, хэвлий болон гэдсийг дээш өргөж татаж өгдөг гэж бодож байна. Та таргалж болох ч түүнтэйгээ тэмцэж өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Ээж болсон. Хүүхдээ харж байна гээд өөрийгөө битгий хаяарай гэдгийг захиж хэлье.
С.Ичинхорлоо
Зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/%D0%91%D0%B0%D0%B0%D1%81%D0%BA%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D0%B9-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82-%D0%B3%D1%8D%D1%80%D1%82%D1%8D%D1%8D-%D1%85%D2%AF%D1%81%D1%81%D1%8D%D0%BD-%D0%B6%D0%B8%D0%BD%D0%B4%D1%8D%D1%8D-%D1%85%D2%AF%D1%80%D1%86%D0%B3%D1%8D%D1%8D%D0%B5-104242561855497 пэйжээр холбогдоорой.