"Петро Чайна"-гийн ерөнхийлөгч Жан Хун Фу-г шалгуулахаар болжээ

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Матад, Халхгол сумдад газрын тосны олборлолт явуулдаг "Петро Чайна Дачин Тамсаг"-ийн удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбогдуулж, компанийн ерөнхийлөгч Жан Хун Фу-г байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуулийн байгууллагад ханджээ.

"Петро Чайна Дачин Тамсаг" нь газрын тосны олборлолтын үйл ажиллагааг эрхлэх, үргэлжлүүлэх үндсэн баримт бичиг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглуулах гэрээ болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Усны тухай хуулийг зөрчиж, Тосон Уул-19 талбайд 1262670м3, Тамсаг-21 дүгээр талбайд 797407 м3 усыг тус тус зөвшөөрөлгүй ашиглажээ.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах нөхөн сэргээлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг ердийн хөрсөн замаар хийж, Монгол Улсын MNS 6278:2011 стандарт бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна. Улмаар тус бүс нутагт 8-20 салаа бүхий 80 гаруй метр өргөнтэй 58.5 км урттай өргөн зам үүсгэж, 4.680.000м2 талбайд хөрсний доройтол, эвдрэлийг үүсгэн ан амьтан, ургамлын төрөл зүйлийг санаатайгаар гэмтээж устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулах хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан зөрчлийг тогтоожээ.

Аймгийн удирдлагын зүгээс 2017 онд газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож байсан удаатай. Мөн Засаг дарга, Ашигт малтмал газрын тосны газар, "Петро Чайна Дачин Тамсаг" гурван талт хэлэлцээрийн ширээний ард суусан байдаг.

Гэвч хэлэлцээр байгуулаад гурван жил өнгөрсөн ч нөхцөл байдал сайжраагүй аж. Энэ хугацаанд "Петро Чайна Дачин Тамсаг"-ийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг орон нутгийн зүгээс шаардаж эрх хэмжээний хүрээнд бүх арга хэмжээг авч ажиллажээ. Харин аймгийн Засаг даргын эрх мэдлээс давсан асуудал болсон учир Засгийн газрыг төлөөлж тус компанитай хэлэлцээр байгуулсан Ашигт малтмал газрын тосны газар ажлаа хийж, тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хатуу шаардлага тавьж, хариуцлага тооцож ажиллах хэрэгтэйг М.Бадамсүрэн онцолсон байна.