Хариуцлага тооцох бус зөвлөн туслах, дэмжиж ажиллаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 11 үүрэг, даалгавар өгснөөс 73 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Тус гэрээний биелэлтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар нийт 875 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтаар 146 зөрчил илрүүлсэн бөгөөд 96 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн 11 аж ахуй нэгжид холбогдох 50 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зургаан аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээлээ. Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү аль болох зөвлөн туслах, дэмжиж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон юм.