Б.Бямбадорж: Эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц бий

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 хүн эмнэлэгт хэвтжээ. Харин дархлаажуулалтыг явуулын 40 баг, суурин 39 цэгт нийт 339 эмч, ажилтан хийж байна. Нийслэлийн хэмжээнд “Ковид 19”-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхээр 46 эмнэлэгт 6019 ор дэлгэн, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Нийт орны 253 нь эрчимт эмчилгээнийх бөгөөд үлдсэн 5686 нь энгийн ор юм. Аравдугаар сарын 31-ны байдлаар эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нэн хүнд 244 иргэн байгааг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс мэдээлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмийн багц олгосон тоог НЭМГ-аас нэгтгэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төв нийт 40.211 иргэнд эмийн багц олгосон байна. Бусад дүүргүүдийн эмийн багцтай холбоотой нэгдсэн дүнг гаргахаар НЭМГ ажиллаж байна. Коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд найман эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 31 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийдэг. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц бий гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллээ.