Хөнгөн болон хуягт техникийг угсарч эхэлжээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэвлэлийнхэнтэй уулзалт хийх үеэрээ Монгол Улс зэвсэгт хүчин хөнгөн болон хуягт техникийг дотооддоо угсарч, ирэх онд бага бууны сумны үйлдвэр байгуулахаар төлөвлөснийг дуулгажээ.

"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогод 2030 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн өндөр чадамжтай зэвсэгт хүчинтэй болох зорилт тавиад байгаа юм. Энэ хүрээнд 10 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Бага бууны сумны үйлдвэр байгуулах

-Улсын агаарын хилийн хяналтын системын чадавхыг нэмэх

-Зэвсэгт хүчний удирдлагын барилгыг шинээр барих

-Кибер аюулгүй байдлын зэвсэгт хүчний дата төв байгуулах

-Агаарын цэргийг дунд оврын нисдэг тэргээр хангах, Налайхын аеродроммын үндсэн зурвасыг сэргээн засварлах, газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх

-Зэвсэгт хүчний анги байгууллагуудын мэдлийн газарт орон сууцны барилга барих

-Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нэгдсэн лабораторийн барилга барих

-Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарыг дотоодын тусгай зориулалтын хөнгөн болон хуягласан техникээр хангах

-Барилга, инженерийн цэргийн ангийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, хоёрдугаар шатны эмнэлэг байгуулах

-Галт хэрэгслийн нөөцийг шилжүүлэн байршуулах

Эдгээрээс өнөөдрийн байдлаар тавыг нь эхлүүлжээ. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарыг тусгай зориулалтын хөнгөн болон хуягласан техникээр хангах хүрээнд өнгөрсөн оноос цэргийн инженер техникийн ажилтнууд тагнуул болон байлдааны хөнгөн болон дунд оврын гурван төрлийн 25 техник угсарсан байна. Уг техникийг Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалын үеэр танилцуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас цуцалсан байна. Мөн 3-30 км-т зураг авах, мэдээ дамжуулах дрон, 1000 км-т холбоо барих боломжтой радио станц зэргийг үйлдвэрлэж байгаа аж. Агаарын цэргийг шинэчлэх ажил үргэлжилж буйтай холбогдуулж, Налайхын аеродромын үндсэн зурвасыг сэргээн засварлах ажил эхэлжээ. Бага бууны сумны үйлдвэр байгуулах санхүүжилтийг ирэх жилийн улсын төсөвт тусгасан аж. Монгол Улсын батлан хамгаалахын салбарын төсөв ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэж байгаа бөгөөд цаашид 1.5 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Дэлхийн дунджаар энэ үзүүлэлт 2.5 хувь байдаг гэнэ.