Б.Цэцэгсайхан: Тариурын 90 хувь нь импортоос хамааралтай

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хангах Түр хорооны хуралдаан болж байна.

Хуралдааны үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулах газрын дарга Б.Цэцэгсайхан эмийн нөөцийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "44 байгууллагад судалгаа хийхэд улсын эмнэлгүүдэд дуслын шингэн 15 хоногоос хоёр сарын нөөцтэй байна. Дуслын шингэн болон тариур дутагдалтай байгаа. Дуслын шингэнийг дотоодод хоёр үйлдвэр үйлдвэрлэдэг ч сав баглаа боодлын нөөц дууссан учир ховордсон. Яаралтай онгоцоор татан авах ажлыг шийдэж байгаа. Тариурыг дотоодод нэг үйлдвэр үйлдвэрлэдэг. 90 хувь нь импортоос хамааралтай. Эрүүл мэндийн байгууллагуудад нэг сая орчим тариурын нөөц байна. Ээлж дараатай татан авалтууд хийгдэж байгаа" гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар эм тариа, дуслын тариа тасарсан эмнэлэг байхгүй. Өнгөрсөн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байсан. Тиймээс эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг 1-2 сарын нөөцтэй бэлдэж ирсэн" гэсэн юм.