У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Н.Анхбаяр: НҮБ-аас Монголд стратеги нь хөгжлийн бодит үр дүн авчирна
НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх таван жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрийг боловсруулахаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
“НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” стратегийн баримт бичиг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 онд санаачилсан НҮБ-ын хөгжлийн тогтолцооны шинэчлэлийн гол үндэс нь юм. Энэхүү стратегийн бичиг баримт нь тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хөгжлийн тэргүүлэх чиглэл төдийгүй саад тушаа болж буй сорилтуудыг тодорхойлоход НҮБ-ын Монгол дахь суурин болон суурин бус байгууллагуудын нэгдсэн байр суурийг илэрхийлэх болно.
Уг стратегийн баримт бичиг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалт болон урт хугацааны хөгжлийн Алсын Хараа 2050 бодлогын баримт бичигтэй нягт уялдсан байх ёстойг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра онцоллоо. Тэрбээр, Монгол Улсад хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааны стратеги нь “хөгжлийн тусламж”-аас Засгийн газар, хөгжлийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх “хөгжлийн хамтын ажиллагаа”-ны шат руу шилжиж буйг онцлон тэмдэглэв.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож буйг онцлоод НҮБ-ын системийн шинэчлэлийн хүрээнд анх удаа боловсруулж буй НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги нь Монголын ард түмэнд хөгжлийн бодит үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Харин Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлого тогтвортой байх тал дээр анхаарч буй бөгөөд аливаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн тэрбээр Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хөгжлийн санхүүжилтын шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэхэд анхаарч буйг хэлсэн юм.
Ийнхүү Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн замаар урагшлахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөгжлийн стратегийн нэгдмэл алсын харааг тодорхойлохын тулд НҮБ Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг хөгжлийн бүхий л оролцогч талуудтай хэлэлцэж байна.
Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй НҮБ-ын хөгжлийн хамтын ажиллагааны алсын хараа, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг 11 сарын 2-4-ний өдрүүдэд үргэлжилнэ.