У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
М.Батбаяр: Монгол Улсын хэмжээнд сэргээн засах барилга байгууламж 400 гаруй байна
Соёлын яамнаас энэ сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласантай холбогдуулж, “Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг нийслэл хотын хөгжлийн дунд хугацааны зорилтот хөтөлбөрт уялдуулан тусгах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
Энэ үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёлын бүтээлч сар”-ын эхний долоо хоногт эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгүүд түлхүү болно. Өнөөдрийн “Бүтээлч хот Улаанбаатар” хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, хот төлөвлөгч нар, нийслэлийн соёл урлагийнхан, дүүргийн удирдлагууд оролцож байна.
Одоогийн байдлаар нийслэлийг хөгжүүлэх 2040 оны төлөвлөгөө боловсруулалтын шатандаа өрнөж байна. Үүнтэй холбогдуулан бүх салбарынхантай уулзалт, хэлэлцүүлэг хийж гол санаануудыг тусгах юм. Бид нэг талаасаа хот ямар байх вэ, нөгөө талаасаа хотын иргэн байхад ямар үүрэг оролцоо хэрэгтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинэчлэн батлагдсан Соёлын тухай хуульд соёлын орчин, орон зайг хот суурин газруудад зориуд бий болгоно гэж оруулсан.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлд нийтдээ 12 салбарыг тодорхойлж байгаа юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт нийт 11600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5600 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний дотор 33600 хүн ажиллаж буй. Энэ нь ДНБ-д бидний урьдчилан харж байгаагаар 0.4 хувь байсан бол нарийвчилж судлахад 1,3 хувийг эзэлж байна.
Мөн Монгол Улсын хэмжээнд сэргээн засах барилга байгууламж 400 гаруй байна. Улаанбаатар хотод байгаа сэргээн засах дурсгалт барилгуудыг сэргээн засварлах ажлыг тууштай авч хэлэлцэх болно. Энэ нь монголчуудын, ард түмний өв, цаашлаад дэлхийн хүн төрөлхтний өвд тооцогддог. Ийм учраас энэ нь анхаарлын төвөөс гарахгүй гэж бодож байна. Хувийн болон төрийн өмчийн сэргээн засах ажил нь хуулийн хүрээнд явагдах тул аль аль талдаа буулгах, нураах зөвшөөрлийг олгодоггүй юм” гэв.