У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
21 аймагт хийсэн зудын эрсдэлийн үнэлгээг УОК-т танилцуулна
Улсын онцгой комиссын даргын тушаалаар ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан Шуурхай бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллаж, зудын эрсдэлийн үнэлгээ хийжээ.
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийг удирдлагын газар (ГЭУГ)-ын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад цахимаар зудын эрсдэлийн үнэлгээ зохион байгуулжээ.
Зудын эрсдэлийн үнэлгээг 21 аймагт хийхдээ “Хөдөө аж ахуйн салбарын болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, орон нутаг дахь Covid-19-ийн нөхцөл байдал, хадлан бэлтгэл, малын гоц халдварт өвчний голомттой, отор нүүдэл ихтэй аймгуудын нөхцөл байдал, хүйтний улирлын цаг агаарын төлөв”-д тулгуурлажээ.
Энэ зун ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын температур дунджийн орчим буюу дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага сайн байв.
Иймээс зудын эрсдэлийн үнэлгээгээр Өмнөговь, Завхан, Дундговь, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд “ДУНД”, бусад аймгууд “БАГА” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Нийт 21 аймагт хийсэн зудын эрсдэлийн үнэлгээг УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулах аж.