Б.Сүхбаатар: Цагдаагийн байр барихаар төлөвлөсөн газарт цэцэрлэг барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталснаас хойш, өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж буй тул 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа, үзэл баримтлал, Ерөнхий төлөвлөгөө гэсэн үе шаттай боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөнд яам, агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна.

 

Хэлэлцүүлгийн үеэр Тэргүүлэгч Д.Гантулга “Нийтийн эдэлбэр газарт Баянзүрх дүүрэг, Нарны зам дагуух Замын цагдаагийн байр баригдахаар төлөвлөгдөж байсан газрыг авч болох уу” гэдгийг тодрууллаа. Тэгвэл энэхүү газар дээр цэцэрлэг барихаар газрын гэрчилгээг гаргаж буй бөгөөд нийтийн эдэлбэр бус боловсролын зориулалттай газар болж буйг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар хэллээ. Үүний дараа Тэргүүлэгчид дээрх тогтоолын төслийг дэмжин, батлав.