У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 11-нд товлолоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ.
Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталснаас хойш өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж буй тул 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа, үзэл баримтлал, Ерөнхий төлөвлөгөө гэсэн үе шаттай боловсруулжээ.
Энэхүү төлөвлөгөөнд яам, агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна. Иргэдийн хувьд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зарим ажлаас дурдвал, авто замын сүлжээг шинэчлэн сайжруулах бөгөөд төлөвлөлтөөр 1338,2 км авто зам төлөвлөж нийт 2463,5 км-т хүргэх аж. Үүнээс дагуул хот тосгодод 986,3 км замыг төлөвлөжээ. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн салбарыг олон төрөл болгох, шаардлага хангахгүй барилга байгууламж, хотын төвийн болон гэр хорооллын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөж хөгжүүлэх зэрэг багтжээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Ээлжит бус хуралдааныг энэ сарын 11-ний өдөр товлолоо.