Б.Алтанзул: Шуудайн дээрх заавартай танилцалгүй хаядаг

НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /НАБТГ/, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Таван толгой түлш” ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн “Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны үр дүнгийн талаар мэдээллээ. 

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул "Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлш, түүхий нүүрсний хэрэглээнд манай алба хаагчид хяналт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш, шахмал түлшний зөв хэрэглээний талаар заавар, зөвлөгөө өгч, хяналт, шалгалт тогтмол явуулахын дээр автомашины чанга яригчаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч хэвшиж байгаа. Угаарын хордлогод өртөж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Үүнд, хур тунадас орсон үед сайжруулсан түлшийг бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаарын хордлогод орох нь олон. Мөн айл өрхүүд яндангаа хөөлөхгүй, пийшин зуухны битүүмжийг хангаагүй, тэдгээрт завсар зай гарснаас утаа гарч угаарын хордлогод өртдөг. Угаар мэдрэгч хэвийн ажиллаж буй эсэх, зай нь дууссан үгүйг шалгахгүй байна. Уг нь сайжруулсан түлшний шуудайн дээр уг түлшийг хэрхэн ашиглах заавар бий. Түүнийг үзэж танилцалгүй хаяж орхидог. Энэ мэт шалтгаанаар иргэд угаартах нь бий” гэлээ.