У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
"Жендэр ба хөгжил-2021" үндэсний чуулган болж байна
Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран Улаанбаатар хотноо өнөөдөр “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ - 2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганы нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын Их Хурлын даргын Зөвлөх Ц.Цогзолмаа Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шигэрү Кикүма, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцож үг хэлэв.
Харин чуулганы онцлох илтгэлийг “Монгол Улс дахь жендэрийн хөгжлийн асуудал” сэдвээр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр тавьсан юм.
2018 оны Тогтвортой хөгжлийн зорилго болох ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэх, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлох, зөвлөмж боловсруулахад уг чуулганы гол зорилго оршиж байна.
“Улаанбаатарын тунхаглал”-ын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах гэсэн гурван дэд чиглэлээр 21 зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн Үндэсний Хороо нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөнд тусган амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд, үүнд АХБ-тай хамтран Японы Засгийн газрын санхүүжилтээр 2017-2019 онд “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”, 2019-2021 онд “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслүүд ихээхэн дэмжлэг үзүүлсэнийг онцлон дурдах нь зүйтэй билээ.