Төр мэдэлдээ 100 хувь авах 30 компани

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр жил бүр ил тод үнэлэн, цаашид сунгах эсэхийг шийддэг болох, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага бүрийн ажлын байрны тодорхойлолт, туршлага, томилсон тогтоол шийдвэрийг олон нийтэд нээлттэй байршуулах, цаашид нээлттэй сонгон шалгаруулж, сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх бүхий л тайлан мэдээллийг ил тод болгох арга хэмжээг энэ сард багтаан хэрэгжүүлэхийг даалгав.

Шинээр өр төлбөр үүсгэх, үнэт цаас гаргах харилцааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байх, стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр гаргах бол Засгийн газрын түвшинд танилцуулж, шийдвэрлүүлэх, Засгийн газрын шийдвэргүйгээр компани байгуулахгүй байх, дамжуулан зээлийн өр төлбөрийг төсөвтөө тусган, эргэн төлөх төлөвлөгөө, хуваарийг батлан хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах аливаа зардлыг үйл ажиллагаа, зорилтод нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Санхүүгийн тайл анг дэлгэрэнгүй ил тод мэдээлэх, санхүүгийн голлох үзүүлэлт, худалдан авалт, удирдлагын шийдвэр, аудитын дүгнэлт, төсөвт төлсөн татвар, бусдаас авсан болон бусдад өгсөн хандив, тусламжийн мэдээллийг 2021 онд багтаан цахим хуудсанд нээлттэй байршуулж олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, үр ашигггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг шинэчлэх, шаардлагагүй охин, хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгоод байна.

Уг шийдвэрийн хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн оролцоотой аж ахуй нэгжүүдийг бүтцийн хувьд гурван чиглэлээр өөрчилнө.

1. Стратегийн хувьд 100 хувь төрийн өмчид байх шаардлагатай компаниуд

2. Хувьцаат компани болгох, бирж рүү гаргаж олон нийтийн хяналтад оруулан үр өгөөжийг нь сайжруулах

3. Цаашдаа төрийн өмчид байх шаардлагагүй, үр өгөөжгүй компанийг татан буулгах

Эхний ээлжид төрийн өмчид байх шаардлагатай компаниудыг зарлаж, цаашид анхааран ажиллахаар болсон. Өнөөдрийн байдлаар 30 гаруй компани бий. Үүнд:

-Эрдэнэт үйлдвэр

-Монгол-Росцветмет

-Эрдэнэс Оюутолгой

-Улаанбаатар дулааны сүлжээ

-Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ

-Дархан дулааны сүлжээ

-Диспетчерийн үндэсний төв

-Монгол хүйт байгаль хамгаалах төв

-Монголын газрын тос боловсруулах үйлдвэр

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал

-ДЦС - 2

-ДЦС - 3

-ДЦС - 4

-Дарханы ДЦС

-Эрдэнэтийн ДЦС

-Даланзадгадын ДЦС

-Багануурын ДЦС

-Налайхын ДЦС

-Хөвсгөлийн ДЦС

-Ховдын ДЦС

-Дулаан шарын гол

-Улаангомын ДЦС

-Амгалан ДЦС

-Эгийн голын УСЦ

-Тавантолгой түлш

-Авто тээврийн үндэсний төв

-Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар

-Барилгын хөгжлийн төв

-Монголын төмөр зам

-УБТЗ

-Төрийн орон сууц корпорац

-Хөгжлийн банк

-Эрчим хүчний дамжуулах дэд станц эзэмшиж буй төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн этгээдийн зөвхөн тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдүүд

-Орон нутгийн АЗЗА компаниуд

-Дулааны болон цахилгааны түгээх компаниуд багтаж байна" гэдгийг онцоллоо.