У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
О.Батбаяр: Халдварын тархалт хоёр дахин буурах боломжтой
Дэлхийн улс орнууд болон дотоодод КОВИД-19 халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр өглөө.
Тэрбээр "Зүүн Европын улсууд, Баруун Европын цөөн улсад халдварын дөрөв дэх давлагаа эхэлж, тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-д өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 250-д хүрлээ. Тус улсын ЭМЯ-ны зүгээс энэ давлагааны улмаас 100 мянга орчим хүн эндэх тооцоолол гарсныг танилцуулсан.
ОХУ-д долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон ч өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурахгүй байна. Өдөрт бүртгэгдэх тохиолдол 40 мянга, нас баралт 1,200-д хүрснийг мэдээллээ.
Эдгээр улсуудад вакцинд хамрагдсан хүний тоо нийт хүн амын 30-50 хувийг эзэлж байна. Вакцины хамралт сул байгаа нь энэ давлагааны үед тохиолдол, нас баралт өндөр байхад хүргэлээ.
Харин вакцины гурав дахь тунд хүн амынхаа 20 хувийг хамруулсан Их Британи улсад тохиолдлын тоо 12 хувь, нас баралт 5 хувь, эмнэлэгт хэвтэлт 10 хувиар буурсан байна.
Манай улсын хувьд гурав дахь тунгийн хамралт 15 хувийг давлаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 26.3 хувиар буурсан. Шинжилгээнд эерэг эзлэх хувь 18.1 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт гэж харж байгаа. Халдварын тархалт энэ чигээрээ үргэлжилбэл тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурахаар байна. Нас баралт 20 хувь буурч, эмнэлэгт хэвтэлт дээр тодорхой үр дүн мөн гарсан" гэдгийг хэллээ.