У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Чикагогийн конвенцод орох өөрчлөлтийн төсөлд санал өгөхөөр болов
Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөл болон Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албадын хамтарсан хурал ИНЕГ-т боллоо.
Тус хурлаар НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас хэрэгжүүлж буй “Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр”, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас иргэний нисэхийн аюулгүй байдлын олон талт хөтөлбөрийн Байнгын хяналтын аргачлалын хүрээнд зохион байгуулах аудит шалгалтын бэлтгэл ажлын явц, Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын Хавсралт 9, 17-д тусгах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.
Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөл болон Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албадад ИНЕГ, Чингис хаан ОУНБ-ын хил дээрх хамтын ажиллагаатай байгууллага буюу Хил хамгаалах ерөнхий газрын 0218 дугаар анги,, хилийн Мэргэжлийн хяналтын алба, “Чингис хаан” ОУНБ дахь Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газар, Тагнуулын ерөнхий газар, “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа”, “Хүннү эйр”, “Изинис эйрвэйз” ХХК-ийн удирдлага, төлөөллүүд гишүүнээр оролцдог юм.
Энэ удаагийн хуралд оролцогчид хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
1. “Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр”-ийг нэвтрүүлэх ажлыг үр дүнтэй, шуурхай зохион байгуулах ажлын хүрээнд Терроризмтой тэмцэх зөвлөлийн даргын 2021 оны А/09 дүгээр тушаалаар байгуулагдсан агаарын тээврийн дэд ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ажилтныг томилон, нэрийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор ирүүлэхийг Олон улсын хуваарьт нислэг үйлдэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгч байгууллагууд /”МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвейз” ХХК, “Аэромонголиа” ХХК/-д;
2. НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас ирүүлсэн агаарын тээвэрлэгч байгууллагуудад хамаарах асуумжийн хариултыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор Агаарын тээврийн дэд ажлын хэсэгт ирүүлэхийг Олон улсын хуваарьт нислэг үйлдэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгч байгууллагууд /”МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвейз” ХХК, “Аэромонголиа” ХХК/-д;
3. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын Хавсралт 9 (Агаарын тээврийн хялбаршуулалт)-ийн 29 дэх нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцаж, саналаа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг Нарийн бичгийн даргын ажлын албадын гишүүн байгууллагуудад, саналыг нэгтгэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хүргүүлэхийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газар /Д.Эрдэнэбаатар/-т;
4. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Иргэний нисэхийн аюулгүй байдлын олон талт хөтөлбөр-Байнгын хяналтын аргачлал (Universal Security Audit Programme - Continuous Monitoring Approach)-ын хүрээнд зохион байгуулах аудитад шалгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, идэвхтэй хамтран ажиллахыг Нарийн бичгийн даргын ажлын албаны гишүүн байгууллагуудад тус тус үүрэг болгов.