У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байгаа таван аймаг
Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.
Коронавирусын эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн иргэдийн 25 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагдаад байна. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байгаа юм байна. Мөн Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэлхий даяар одоо ч хатуу хөл хориотой, эдийн засгаа нээж чадаагүй, вакцинд иргэдээ хамруулж чадаагүй улс орнууд бий. Харин Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтаа эхлүүлж, энэ боломждоо тулгуурлан хичээл, сургуулиа эхлүүлсэн. Манай улс вакцинжуулалт эхэлсэн цагаас хатуу хөл хорио тогтоогоогүй. Тиймээс вакцины гуравдугаар тунд хамрагдах нь туйлын чухал зүйл. Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг "Шар" түвшинд хүргэж бууруулахаар төлөвлөж байна" хэмээн мэдэгдээд байгаа юм.