У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
С.Энхболд: Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг анхаарах нь яамны тэргүүлэх бодлого
Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн харьяа Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ. Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого чиглэлээр хангах ажил Эрүүл мэндийн яаманд шилжиж буй юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэл, Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа нар Өргөө амаржих газарт ажиллав. Тус амаржих газрын үйл ажиллагааны нөхцөл байдал, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг сонсох,цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чанартай ажлын талаар ярилцсан юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ Цар тахлын онцгой үед эх нярайн тусламж үйлчилгээг хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа танай хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярласан талархсанаа илэрхийлье. Аливаа улсын эрүүл мэндийн салбарын гол илтгэдэг шалгуур үзүүлэлт бол эх нярайн тусламж үйлчилгээ байдаг. Тийм ч учраас нийслэлийн харьяанд байдаг 3 амаржих газрыг ЭМЯ өөрийн харьяанд авъя гэдэг саналыг оруулсан. Өнгөрсөн 3 дахь өдрийн Засгийн газрын хуралдаан дээр шийдвэр гарсан. Ингэснээр Засгийн газар, ЭМЯ-ны бодлого нэгж рүүгээ шууд хэрэгжих боломж бүрдэж байна. Төрөх эмнэлгүүдэд нэг анзаарагддаг зүйл нь хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмж хоцрогдсон байдаг. Үүнд салбарын сайдын хувьд анхаарч үе шаттайгаар шийдвэрлэж шинэчлэлт хийх болно. Нэн тэргүүнд 4d эхо аппарат, суурин рентген аппаратыг Өргөө амаржих газарт шийдэж өгнө. Ирэх долоо хоногт өгнө. Мөн эмч нар ажлаа хийхэд дэмжлэг болгож 30 ширхэг компьютерыг хуваарилж өгнө. Салбараа цахимжуулах бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хүрээнд та бүхэнд үзүүлж буй дэмжлэг. Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг анхаарч ажиллах нь яамны тэргүүлэх бодлого байх болно гэв.
Эх барихын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа салбарууд нэг удирдлагатай болсноор тусламж үйлчилгээнд бодлогоо хэрэгжүүлэх нь илүү дөхөм болох ёстой. Яамнаас гарч буй бодлого шууд хэрэгжих сайн талтай юм.
Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг 93 жилийн түүхтэй уг амаржих газрын үйл ажиллагааг танилцууллаа. Мөн 2021 оноос 2024 он хүртэл хэрэгжүүлэх ажлын үйл явцыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод танилцуулав. Тус амаржих газар нь нийт 487 эмч ажилтантай, 7 тасаг нэгж, 12 алба, 10 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2016 оноос 2020 онд жилд дунджаар 11500 эх эсэн мэнд амарждаг байжээ. Харин 2021 оны эхний 10 сарын байдлаар 8107 эх тус эмнэлэгт эсэн мэнд амаржаад байна. Жилдээ 34,000 хүн тус эмнэлгээр үйлчлүүлдэг гэнэ. Өдөрт 350 орчим хүн үйлчлүүлдэг. Одоогоор 4 өөр хаалга дээр яаралтай тусламж үзүүлж буй. Энэ асуудлыг цэгцлэн нэгдсэн яаралтай тусламжийн хэсэгтэй болохоор тэргүүлэх чиглэлээ болгон эмнэлгийн удирдлага ажлаа эхлүүлсэн байна. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэхгүй, хаалга хооронд явуулахгүй, нэг дороос тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.