У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
"Богд Зонхова" цогцолборыг барих зөвшөөрлийг нийслэлээс олгоогүй
Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр "2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ. Нийслэл хотын ажил гэдэг бол цаг наргүй, хүндхэн алба байдаг. Гэсэн хэдий ч бид Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотыг хууль, эрх зүйн болон эдийн засгийн хувьд бие даасан хот болгоход хүчин чармайлт гарган ажиллаж ирлээ. Яг одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын төсвийг НИТХ-ын хороодоор хэлэлцэж байна.
Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эдэлбэр газрын асуудал анхаарал татаж байна. Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүргийг хотын удирдлагын баг хамт олон хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулан иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана" гэдгийг онцлов.
Мөн олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан "Богд Зонхова" төслийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Нэг үгээр эл ажлыг нийслэл бус Засгийн газраас хийж байгаа аж. Барилгын ажлын зөвшөөрөл олгоогүй тул ямар компани байгаа нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас тодруулж байна гэж НЗДТГ-аас мэдээлсэн юм.