Сурагчдын амралтаар их даалгавар өгөхгүй

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхлэх гэж буйтай холбогдуулж,  БШУЯ-наас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд "Хичээлийн жил эхлэхээс өмнө БШУЯ-наас бүтцээ батлан гаргадаг. Энэ дагуу 2021-2022 оны хичээлийн жилийн эхний улиралд сурагчид 16 долоо хоног хичээллээд, зургаан долоо хоног амрахаар зохицуулагдсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 17-ны Баасан гарагт хичээллээд, арванхоёрдугаар сарын 20-ны Даваа гарагаас нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа юм.

Сурагчид 16 долоо хоног тасралтгүй хичээллээд амрах гэж байна гэсэн үг. Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар улирлын хичээл эхлэхээр байгаа ч Цагаан сар таарч байгаа тул баярын амралт дуусгаад, хоёрдугаар сарын 7-ноос хичээл эхлэх төлөвтэй байна" гэдгийг Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон онцлов.

Мөн "БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад амралтын хугацаанд сурагчдыг бүрэн амрааж, ном уншуулах чиглэл өгч байгаа. Ялангуяа бага ангид улирлын амралтаар маш олон хуудас хуулан бичлэг, цээж бичиг хийх даалгавар өгчихдөг. Үүний улмаас хүүхдүүд ч амарч чадалгүй, хичээл эхлэхэд сурах сонирхолгүй орж ирэх нь бий. Cурагчдаа амраах, цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлье гэх чиглэлийг өгч байгаа юм" гэлээ.