200 орчим энхийг сахиулагч тусгаарлалтаас гарлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн гурав дахь цуврааны бие бүрэлдэхүүн өнгөрөгч сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн.

Даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн тэрхүү мото буудлагын батальоны бүрэлдэхүүнээс энэ ээлжид ирсэн 200 орчим цэргийн алба хаагчийг УОК-ын шийдвэрээр 10 хоног тусгаарласан билээ.

Тэднийг "Багабаян" ТӨҮГ буюу "Энхийн төлөө" цогцолборт 10 хоног тусгаарлах хугацаанд коронавирусийн шинжилгээнд хоёр удаа хамруулсны зэрэгцээ өчигдөр дархлаажуулалтын нэмэлт тунд бүрэн хамрагджээ.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, арав хоногийн хугацаатай тусгаарлагдсан ба өнөөдөр өөрийн гэр бүлийн зүг зорьж байна.

Цар тахлын өнөөгийн нөхцөлд коронавирусийн шинэ хувилбар зарим улс оронд дэгдсэн болохоор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг сайтар ухамсарлан өндөр хариуцлага, сахилга баттайгаар тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж чадсанд талархал илэрхийлье" гэсэн байна.