Таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүллээ

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр аймгуудад барих цэвэрлэх байгууламжийн зураг төслийг хийсэн компани, төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзлаа. 

Тэрбээр "Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Завхан, Увс, Говьсүмбэр, Дорнод, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлж байна. Эдгээр аймгийн цэвэрлэх байгууламжийг баригдсанаас нь хойш шинэчлээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд хүн амын өсөлт, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн улмаас зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн. 

Таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын нийт өртөг 17.5 сая евро байх юм. Цар тахлын зарим хязгаарлалттай байгаа энэ үед бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгахын тулд нарийн зохион байгуулалт, төлөвлөлттэй байх хэрэгтэй. 

Төслийн гүйцэтгэгчээр Польшийн AB Industry, Smart S компаниудын түншлэл ажиллах бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллана. Гүйцэтгэгчийн төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцож байгаа. Зураг төслийг монгол компаниуд хийж, Польшийн технологийг дотооддоо нутагшуулах ажлыг хийж байна. 

 

Бүсийн хөгжлийн бодлого, хүн амын өсөлт зэрэг шалгуур үзүүлэлтийг үндэслэн дээрх таван аймгийг сонгосон бөгөөд 2024 он гэхэд ашиглалтад хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан. Ашиглалтад орох хугацаа хойшилсон тохиолдолд хариуцлага тооцох заалтыг гэрээнд тусгасан. 

Шинээр ашиглалтад орсон цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлж гаргасан саарал усыг дахин ашиглах боломжтой. Мөн лагийг боловсруулан ашиглахаар төлөвлөсөн" гэдгийг уулзалтын үеэр хэллээ. 

БХБЯ-наас аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх ажлыг үе шаттай хийж, Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Архангай, Булган аймгийнхыг шинэчлээд байгаа. Түүнчлэн Дархан-Уул, Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил дуусах шатандаа оржээ.