Сургагч багш бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна

Цагдаагийн ерөнхий газраас иргэд, олон нийттэй харилцдаг алба хаагчдадаа зориулан “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх загвар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ээлжид тус сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хэв журам, олон нийттэй харилцах тасгийн алба хаагчид болон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус хамрагдлаа.

Энэ удаагийн сургагч багш бэлтгэх загвар сургалтад жагсаал, цуглааны үеэр үүрэг гүйцэтгэдэг, замын хөдөлгөөнд зохицуулалт хийдэг алба хаагчдаас сонгон оролцуулж, онол, практик хосолсноороо онцлог байв.

“Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтаар хүний эрхийн тухай, иргэдтэй зөв харьцах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах техник, хохирогчтой харилцах тактик, арга зүй, цахим орчин дахь мэдээллийн урсгал, харилцааны ур чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн хувьсал, хөгжил, крипто валютын тухай, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэглээ, хүний бичиг баримт шалгах, үзлэг хийх ажиллагаа дахь хууль, тогтоомжийн хэрэглээ, ажлаас халшрах хам шинж, стресс менежмент болон тодорхой нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хянах, удирдах чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтууд багтжээ.

Түүнчлэн ЦЕГ-ын хэв журам, олон нийттэй харилцах алба, ТЦА-ны чиглүүлэгч багш нар бодит жишээн дээр тулгуурлан дүн шинжилгээ хийн, зөрчлийн тухай хуулийг хэрэглэх талаар багц хичээлүүдийг орсон нь үр дүнтэй байв.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаас сургалтад идэвхтэй оролцсон алба хаагчдад зориулан талархал илэрхийлснийг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал оролцогчдод гардуулсан юм.

Уг талархалд “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хуулийн дагуу ажиллах, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах арга, техникийг эзэмших, сэтгэл зүйгээ хянах зорилгоор зохион байгуулагдаж буй “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтад идэвхтэй оролцсон сургагч багш Танд талархаж, цагдаагийн байгууллагын цог жавхаа, сүр хүчийг өндөрт мандуулж явахыг хүсэн ерөөе”  гэжээ.

Сургалтад хамрагдсан алба хаагчдын зүгээс цаг үеэ олсон, хэрэгтэй сургалтыг зохион байгуулж буй Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олонд, сургагч багш нартаа талархсанаа илэрхийлсэн юм.