С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Б.Сайнбаяр: Баян-Өлгий, Ховдын боомтоор чанаргүй шатахуун оруулж ирдэг
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Шатахуун хэрэглэгчдийн холбооны ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Шатахууны хяналт шалгалтыг цахим орчинд ярьж, сенсааци болохоор нь шалгадаг биш. Тогтмол шалгадаг болмоор байна. Энэ үүргээ төр гүйцэтгэж чадахгүй байна. ШӨХТГ-аас шалгалт хийдэг ч ямар ч үр дүнгүй. Хяналт шалгалт хийх гэж байгаа бол үр дүнд хүрэх буюу тодорхой компанийг торгодог, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Манайхаас шатахууны чанар, стандартын талаар эрчимтэй судалгаа хийсэн. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хэрхэн орж ирж байгааг гаргасан. Тодруулбал, 2021 оны гаалийн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирэх тоо хэмжээ 30-40 дахин багассан. Анхны буюу 2012 онтой ижил хэмжээнд хүрсэн байна. Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр 2021 он гарсаар нэг кг ч нафто орж ирээгүй байна.
Баян-Өлгий, Ховд зэрэг боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирж, Улаанбаатар руу зөөж байна. Чанаргүй шатахууны эх уурхай болж байгаа юм. Төр нь хүчгүй байгаагийн нэг хэлбэр гарч байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн шатахууны талаарх дүгнэлтийг өнөөдөр шатахуун импортлогч 15 компани шүүхэд хандан хүлээн зөвшөөрөхгүй болгосон байна. Аль шатахуун түгээх станцаар борлуулж байгаа нь тодорхойгүй. Төрийн байгууллагаас үүнд хяналт тавьж, зарлах хэрэгтэй. Бидэнд эрхийг нь өгвөл зарлахад нээлттэй байна. Монгол Улсын хэмжээнд 114 компанийн 1400 гаруй шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Мөн шатахууны үнэ дэлхийн зах зээлд буурч эхэлж байна.
Харин жолооч нар цааш гомдол гаргахдаа эцсийг хүртэл явах хэрэгтэй байна. Дундаас нь болих асуудал их гарч байна. Үүнээс болж гомдол шийдвэрлүүлэх ажил зогсдог. Хамгийн өндөр дүнтэй хохирол нь 12 сая төгрөг. Завхан аймгаас "Ланд 200" маркийн машинд бензин хийж, улмаар бензин насос нь шатаж, мотор гэмтсэн хохирол учирсан" гэв.