Н.Уртнасан: Тэрбум мод тарих Монгол Улсын санаачилгыг талархан хүлээж авлаа

ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байгаа билээ. Тэгвэл тус дээд уулзалтад БОАЖ-ын сайд Н.Уртнасан мөн оролцож, Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч байгаа аж.

Энэ талаар Н.Уртнасан сайд хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 26 дугаар Их хурал Глазгоу хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнууд ч энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол сүүлийн жилүүдэд онцгой анхааралд байна. СОХ-26 уулзалт нь 1996 оноос хойш 26 дахь удаагаа болж байгаа гэдгээрээ онцлог. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хуралдаанд оролцохдоо 2030 он хүртэл тэрбум мод тарих, ингэснээрээ цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийн талбайгаа нэмэх, одоо байгаа 7.9 хувийг 9 хувьд хүргэх том зорилго тавьсан.

Модыг зөв тарьж, ургуулж чадвал хүлэмжийн хийн шингээлтийг бууруулах үр дагавартай учраас бодит санаачилгыг гаргасан Монгол Улсын туршлагыг сайшааж байна. 2030 он хүртэл Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна гэсэн зорилт тавилаа. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад хэрэгжүүлж буй туршлагаас суралцах, мөн байгаль орчны чиглэлээр ямар түншлэл илүү үр дүнтэй байх вэ гэдэгт гол бодлогоо тодорхойлж ажиллана” гэлээ.