Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг баталлаа

НИТХ-ын ээлжит XII хуралдаан боллоо. Энэхүү хуралдаан нь 2021 оны отгон хуралдаан болж буйг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолсон.  

Хуралдаанаар:

  • НИТХ, Тэргүүлэгчдээс 2021 онд зохион байгуулсан ажлын тухай танилцуулга
  • Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай
  • Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай
  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга
  • Журамд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан. Соёлын өвийн тухай хуулийн заалт болоод Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл Улаанбаатар хот дахь түүх соёлын өв, үл хөдлөх дурсгалын тооллогыг явуулсан бөгөөд тооллогын дүнд нийслэлд 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн соёлын санд оруулжээ. Эдгээрээс 15 дурсгалыг улсын хамгаалалтад, 14 дурсгалыг нийслэлийн хамгаалалтад бүртгэсэн байна. Хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулжээ. Жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтсан байна. 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 15 дурсгалыг өмчлөгч байгууллага, аж ахуйн нэгжээс санал авсан байна. Анхны европ эмийн сан байршиж байсан байшин, Шар дэлгүүр, “Туул” зоогийн газрын барилга, МУИС-ийн анхны хичээлийн байр зэрэг дөрвөн барилгын өмчлөгчдөөс түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас хасуулах санал ирүүлсэн. Харин 40 мянгат орон сууцны хорооллын 41, 42, 44, 60, 62 дугаар барилга, зургадугаар хороонд байрлах 1, 2, 24 дүгээр байрны СӨХ-ноос барилгын хүчитгэл, их засвар, гадаад сэргээн засварлалтыг төрөөс хийж өгвөл татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дахь Монголорын хоёр давхар барилга, Төр хурахын аман дахь Айргийн амралтын хоёр давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад үлдээх зэрэг асуудлыг батлуулах саналыг оруулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын зарим төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь Гоожингийн өндөр хэмээх барилгын асуудлаар тодруулга авсан. Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга хэлэхдээ “Гоожингийн өндөр хэмээх түүхийн дурсгалт барилга бол БСШУ-ы сайдын тушаалаар нийслэлийн хамгаалалтад байдаг. Энэ жилийн хувьд тухайн дурсгалыг өмчлөгч нь нийслэлд буцаан худалдъя гэсэн санал тавьсны дагуу судалж байгаа” гэлээ.

НИТХ-ын хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг дэмжиж, НИТХ-ын тогтоол гарлаа.