Түрээс нэрийн доорх мөнгө хүүлэлт

“Ковид-19-ийн цар тахал гарснаас хойшхи хоёр жилийн нүүрийг үзэж байгаа энэ цаг үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс  эхлээд бүхий л зүйлийн үнэ өдрөөс өдөрт өсч үнийн хөөрөгдөл үүсч байна. Үүнд төр засгаас ямар нэгэн бодит зохицуулалт хийж чадахгүй байгааг иргэд шүүмжилсээр. Худалдаа үйлчилгээний байгууллагууд хил гааль хаалттай байгаагаас бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж буйг учирлаж байгаа нь үнэний ортой.  Гэвч ямар ч зүйлээс үл шалтгаалахгүй, үнэ нэмж байгаа хэсэг бүлэг хүмүүс бол орон сууцаа түрээслэгчид. 

Өнгөрсөн жил 600 мянган төгрөгөөр түрээслэж байсан хоёр өрөө байр өнөөдөр зэрэглэлээсээ шалтгаалж 1.2 сая төгрөг болтлоо өсчээ. Халаасны өрөө хэмээн нэршилтэй айлын хажуугийн жижиг өрөө 500 мянган төгрөг  болсон байх юм. Үнээ тэнгэрт тултал хөөрөгдчихөөд түрээсээ зургаа болон нэг жилээр авна гэх. Бүр нэмээд нэг сарын барьцаа нэхнэ. Түрээсэлж буй байрных нь обой урагдаж, сангийн асуудлаас гадна моралын элэгдэлд орчихсон байхад тэд засвар үйлчилгээ хийж өгөхгүй. Харин түрээсийн хугацаа дуусахад МХЕГ-ын байцаагч шиг шалгаж, барьцааны мөнгийг урсгал зардалд зарцуулна хэмээгээд халгаахгүй.  Өөрөөр хэлбэл, галан дээр тос гэгчээр орон сууц түрээслэгчид үнийн хэт хөөсрөл бий болгож байгаа нь залуу гэр бүлд санхүүгийн дарамтад оруулах гол шалтгаан болж байна. Өөрийн эзэмшдэг орон сууцаа түрээслэх нь тухайн хүний эрхийн асуудал ч тэд улсдаа татвар төлдөг үү? Үгүй л болов уу?

Тиймээс орон сууц түрээслэгчдэд адаглаад татварын баримт олгох зохицуулалтыг бий болгоё. Тэгэхгүйгээр орон сууцны түрээс нэрийн дор дураа үнээ өсгөдөг, түүгээрээ дамжуулан мөнгө хүүлдэг буруу жишиг хэдийнэ тогтжээ. Үүнд хэн хяналт тавих вэ?

С.Ичинхорлоо