Японы татвартай холбоотой хэрэгт Д.Дагвадоржийн нэрийг дурджээ

Японы эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр дагнасан, нөлөө бүхий Шукан Буншун сэтгүүлд Нихон их сургуулийн ерөнхийлөгч асан Хидетоши Танакагийн татварын хэрэгтэй холбоотой мэдээ өнгөрсөн долоо хоногт нийтлэгджээ. Мэдээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Токиогийн Прокурорын газрын Мөрдөн байцаах тусгай тасаг 2018-2020 оны хооронд 53 сая иен буюу 457 мянган ам.долларын татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Танакаг баривчилсныг дурдсан байна.

Тусгай тасгаас есдүгээр сард Танакагийн гэр, ажлын байранд ажиллагаа явуулахад 200 сая иен бэлнээр олдож байжээ. Танака нь хувийн өмчит Нихон их сургуульд 1969 оноос ажиллаж эхэлсэн ба 2008 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлөгдөж байсан нэгэн аж.

Сонирхолтой нь, хэргийг шалгах явцдаа Танака Монгол Улстай гүнзгий холбоотойг нь илрүүлсэн тухай Шукан Буншуны мэдээнд онцолжээ. Тодруулбал, мэргэжлийн сүмогийн аварга асан, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны үүсгэн байгуулагч Д.Дагвадоржтой холбоотой болохыг нь тогтоосон тухай мэдээлсэн байна. Танака сүмо бөхийн Нихон Дай Сүмо клубийг удирддаг, клубтээ Монголоос бөх шалгаруулж авдаг нэгэн аж. Тэрбээр Монголд зочлоход нь Д.Дагвадорж хүлээн авдаг байсан гэнэ. Тиймээс тусгай тасгийн Мөрдөгчид Танакагийн Монгол дахь хэлхээ холбоог үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгааг онцолжээ.