С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Дөрөвдүгээр тунд 2367 иргэн хамрагджээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Тэрбээр хурлын эхэнд 2022 он иргэд рүүгээ чиглэсэн жил байхыг дурдаад, иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ онцоллоо.
Хотын дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90 хувьтай байлаа. Тухайлбал, эмзэг бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ дагуу 6098 өрхийн судалгааг гаргаж, нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөжээ. 2021 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн нийт 41 удаа болж, 461 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88.2 хувьтай байжээ.
Коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.
Тэрбээр “Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатар хотод шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна” гэв.
Он гарснаас хойш 10720 хүнийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр тунд 2367 хүн хамрагдсан байна. Өнөөдөр гэхэд 160 цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтныг хүнд нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, эмч, эмнэлгийн ажилтнаа зөв хуваарилж, зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэйг дурдлаа.
Нийслэлийн Засаг дарга оны өмнө захирамж гаргаж, 74 үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн албан хаагчид хандахгүйгээр онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд www.ulaanbaatar.mn сайтад 7000 гаруй иргэн хандсанаас 200 гаруй иргэн бүртгүүлээд байна. Мөн Хотын дарга Цагаан сарын худалдаа эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд даалгалаа.