Д.Нарангэрэл: Сар шинийн баярыг өнжвөл яасан юм бэ?

Oмикрон хувилбарын халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед иргэд юу анхаарах талаар Д.Нарангэрэл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ковид-19"-ийн цар тахлын халдвар Монголд анх бүртгэгдэхэд Эрүүл мэндийн яамны газрын даргаар ажиллаж байсан юм.

Тэрбээр "Омикрон хувилбарыг улирлын томуутай адилтгаж болохгүй. Зарим дарга нар Англи, АНУ-д халдвар хөнгөн явцтай байна гэжээ. Монголчууд бидний эрүүл мэндийн байдал өндөр хөгжилтэй тэдгээр орны иргэдийнхтэй зүйрлэшгүй доогуур. Бараг насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрх, бөөр, элэг, чихрийн шижин гэх мэт архаг суурь өвчтэй. Омикрон хувилбарын халдвар суурь өвчнийг нь сэдрээх эрсдэлтэй.

Өөрийн орны нөхцөл байдалд тулгуурлан ээлжээр, гэрээсээ, цахимаар ажиллах, баар, цэнгээний газруудын ажиллах цагийг  богиносгох зэргээр хүний нягтрал, бөөгнөрлийг  бууруулмаар байна даа. 

Мөн тэрбээр, Омикрон хувилбарын тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богинохон 2-2,5-хан өдөр, яг л хүндхэн ханиад хүрсэн юм шиг шинж илэрнэ. Өмнө нь ковид-19-өөр өвдсөн хүн дахин өвдөнө. Бага насны хүүхдэд ларингит өгч хүндрэх эрсдэлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд ер нь хэн ч байсан хатгаагаар амархан хүндэрнэ. Одоо бол томуу гэхээс илүү Омикроны халдвар л их байгаа. 

Амны хаалтаа тогтмол зүүх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, хүн хоорондын зайгаа сайтар баримтлах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, хоорондоо зайнаас харилцах нь их чухал болоод байна. Энэ жил сар шинийн баярыг өнжвөл яасан юм бэ?" гэжээ.