Ц.Билэгтсайхан: "Омикрон"-ыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно

ХӨСҮТ-ээс коронавирусийн "Омикрон" хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрсдэлийн үнэлгээг хийхэд маш өндөр эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Хоёр хоногийн өмнө салбар хоорондын 27 дахь эрсдэлийн үнэлгээг хийлээ. 15 байгууллага оролцсон. Нийт магадлалын 19, үр дагаврын 20 шалгуураар үнэлсэн. Магадлалын 18, үр дагаврын шалгуураас 16-д тийм гэж гарсан. Өөрөөр хэлбэл, маш өндөр эрсдэлтэй гэсэн үг. Үүнд үндэслэн бид цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ салбар, чиглэл бүрээрээ тодорхойлон гаргана.

Коронавируст халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Дотоодод Омикрон хувилбар оношлогдож байгаа тул бид хариу арга хэмжээгээ өөрчилж байна. Өмнө нь бид эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан. Харин одоо тандалт, сэргийлэлтийн чиглэлийн хариу арга хэмжээ, дархлаа сэргээх нэмэлт тун буюу коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунгийн хамралтын нэмэгдүүлэх, нийтийн эрүүл мэндийн, хилийн тандалт, эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ гэсэн дараалалтай болгон өөрчиллөө.

Эрүүл мэндийн яам, УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу бид хилийн тандалт болон тусгаарлан ажиглах байранд тандах үйл ажиллагааг зогсоосон. Дотоодын халдвар, тэр дундаа эрсдэлд бүлгийн хүн амыг хамгаалах, голомтлон тархаж байгаа кластер халдварыг цааш тархаахгүйгээр барих чиглэл рүү илүү орж байна.

"Омикрон" хувилбарын нууц үеийн хугацаа илүү богиносож байна. Мөн халдварлуулах үе, халдвартай байх үе буурч байгаа тул өвдөх эрсдэлтэй бүлгүүдээ шинээр тодорхойлж, сэжигтэй тохиолдол, хавьтлын тодорхойлолт, хөл хорион байх хугацаа, дахин халдвар авах тодорхойлолтуудыг шинэчилж байна" гэлээ.