С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Ц.Билэгтсайхан: Халдварын 80 хувь нь ажлын байр, гэр бүлээс бүртгэгдэж байна
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өдөрт бүртгэх тохиолдлын тоо 3000 хүрлээ. Зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тоо. Оны өмнөхөөс тохиолдлын тоо дөрөв дахин өслөө. Хариу арга хэмжээгээ өөрчилсөн. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрүүлэх зорилгоор тусгаарлан ажиглах байруудад илүүтэй хяналт тавьж ажилласан бол одоо дотоодын халдвар өсчихлөө. Иймд эрсдэл бүхий хүн ам руу хандсан тандалт явуулна. Ажлын байр, гэр бүлээсээ халдвар авсан нь нийт тохиолдлын 80 хувийг эзэллээ. Эерэг тохиолдлын сүүлийн таван өдөрт явсан маршрутыг гаргахад эмнэлэг, эмийн сан, худалдааны төвүүдээр үйлчлүүлжээ. Иймд эдгээр газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллаа ягштал баримтлах шаардлагатай.
Залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна. Мөн амны хаалтаа сайн зүүх, N95 болон мэс заслын амны хаалт зүүх шаардлагатай байна. Зарим иргэн чанарын шаардлага хангаагүй амны хаалт зүүж байна. Цагаан сараар гэр гэртээ золгож баярлах нь зөв. Ах дүү, аав ээжтэйгээ цахимаар, утсаар ярьж золгоорой" гэв.