А.Амбасэлмаа: "Омикрон"-ы тархалтын хурд маш эрчтэй байна

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19"-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа зөвлөгөө өгсөн юм.

Тэрбээр "ДЭМБ-ын зургаан бүсийн 149 улс оронд өнөөдрийн байдлаар халдварын хамгийн өндөр эрчтэй давлагаа явж байгааг тодорхойлсон. Хоёр удаа хийсэн үнэлгээгээр эрсдэл маш өндөр гэж гарсан. "Омикрон"-ы тархалтын хурд маш эрчтэй байна. Монгол Улсад өдрөөс өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдлээ. Лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 24-27 хувиар өсөж байна. Тархалт ихсэхийн хэрээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх, иргэдэд шаардлагатай яаралтай тусламжийн эрэлт хэрэгцээ огцом ихэсч байна.

 

Вакцин хийлгээд маргаашаас нь халдвар авахгүй гэж итгэн хайнга хандан халдвар авчихаад вакцинд буруу өгөөд байдаг. Энэ маш буруу. Өөр бусад улс болон дотоодын нөхцөл байдлаас харахад "Омикрон"-ы эмнэлзүйн хүндрэл нь бусад SARS, коронавирус хоёрын бусад хувилбартай адилхан эмзэг бүлэг, архаг хүмүүс, ахмад, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх байдал ажиглагдаж байна. Халдварын нууц үе богино байгаа ба ингэх тусам нэг дор бөөгнөрсөн үед халдвар тархах эрсдэл өндөр байна.

Халдварын тархалтад нөлөөлж байгаа бас нэгэн зүйл нь хөнгөн балархай шинж тэмдэгтэй хүмүүс 30-аас дээш хувийг эзэлдэг ба тэд шинж тэмдэггүй халдвар тараагч болдог учраас хавьтал болсон бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Халдварын нууц үедээ байгаа үед халдварлуулах чадамж өндөр байдаг. Вакцинд хамрагдаад л болчихдог юм биш. Таны халдвар хамгааллын дэглэм нөлөөлнө. Вакцин хийлгээд маргаашаас нь халдвар авахгүй гэж итгэн хайнга хандан халдвар авчихаад вакцинд буруу өгөөд байдаг. Энэ маш буруу. Вакцин дор хаяж 7-14 хоногийн дараа үйлчилнэ" гэсэн юм.