С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Ц.Чинбаяр: III тун "Омикрон"-оос 75 хувь хамгаалж байна
ХӨСҮТ-ийн "Омикрон" хувилбартай холбоотой мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр дэд захирал Ц.Чинбаяр "Эрдэмтэд ковидын эсрэг вакцинд хамрагдаагүй хүмүүс "Омикрон" хувилбараар өвчлөх магадлал 100 хувь гэж үзэж байгаа. Хоёр тун вакцин хийлгээд 3-6 сараас дээш хугацаа өнгөрсөн хүмүүсийн 35 хувь, III тунг хийлгээд хоёр долоо хоногоос дээш хугацаа болсон хүмүүсийн 75 хувь нь хамгаалагдаж байна гэсэн дата бий.
"Омикрон" хувилбараар шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүсийн хувьд оношлогдсоноос хойш 5 хоногийн хугацаанд халдвар тараах эрсдэл хамгийн өндөр байна. Харин шинж тэмдэгтэй өвчилсөн хүмүүсийн хувьд эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс өмнөх нэг болон шинж тэмдэг эхэлснээс хойших эхний гурав хоногт бусдад халдвар тараах хамгийн өндөр магадлалтай. Тиймээс та ямар нэгэн байдлаар халдвар авсан бол халдвар тараах өндөр магадлалтай эхний тав хоногт өөрийгөө тусгаарлах шаардлагатай.
Өмнө нь, ковидоор хүндээр өвчилсөн болон дархлаа дарангуйлагдсан өвчтөний халдвар тараах боломжтой хугацааг 20-оос дээш хоног гэж үзэж байсан. Харин өнөөдрийн байдлаар аль ч тохиолдолд халдвар авснаас хойш 14 хоногийн дараа бусдад халдвар тараах магадлал маш бага гэж тооцоолсон.
Ковидын эмгэг жамын хувьд өвчилсөн хүний бичил судасны ханыг гэмтээх байдал нийтлэг ажиглагдаж байна. Үүнээс болж, цусны бичил эргэлт хямрах, эд эрхтнүүдийн цусан хангамжийн хямралууд үүсэх эмгэг жам суурилдаг. Ковидоор өвчилсний дараа цус өтгөрч, судас бөглөрөх хүндрэл, хамж шинжүүд үүсдэг тодорхой судалгааг хийсэн. Ямар ч өвчний хувьд өвчтөн өөрөө дур мэдэж эмчилгээ хийж болохгүй. Хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг, зовуур байгаа л бол мэргэжлийн эмчид хандаж, тухайн зовуур, эмгэгийн шалтгааныг илрүүлж, хувь хүний биеийн онцлогт чиглэсэн эмчилгээ хийлгэх хэрэгтэй" гэв.