С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
АТГ: Ж.Пунцагт холбогдох хэргийг прокурор үндэслэлтэй гэж үзсэн
Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буйг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, комиссар Н.Тэмүүлэн онцоллоо.
Тэрбээр "Ж.Пунцагийг мөрдөн шалгаж, хуульд заасан үндэслэл нь тогтоогдсон тул 48 цаг цагдан хорьсон. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж, давхар мөрдөн шалгасан. Энэ хүнд холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Саналыг прокурор үндэслэлтэй байна гэж үзсэн учраас түүнийг мөрдөн шалгаж байна.
Энэ хүний албан тушаал улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт бий.
Үргэлжлүүлж цагдан хорьж, саатуулахын тулд хуулийн дагуу тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Хуульд заасан үндэслэл нь тогтоогдоогүй бол ямар ч хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй. 2002-2017 он хүртэл хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ бол гэмт хэргийн нийгэмд учруулах аюулаас хамаарч, цагдан хорих үндэслэл болдог байсан. 2017 оноос хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ заалт хуульчлагдаагүй. 48 цагийн хугацаатай баривчлагдаад, суллагдсан эсвэл цагдан хорих арга хэмжээ авч, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ рүү шилжиж, гадуур мөрдөн байцаалтад орох нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажил дууссан гэсэн үг биш" гэдгийг хэллээ.