Тамирчдын бэлтгэлийн төвийг шинээр байгуулахаар болжээ

Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын үндэсний олимпийн хорооны зүгээс биеийн тамир, спорт, олимпизм, бие бялдрын хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэхээр олон талт ажил зохион байгуулж буй билээ.

Энэ хүрээнд “Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” Үндэсний хороог байгуулж, даргаар Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ, дэд даргаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар ажиллаж байна.

БТСУХ-ны зүгээс “Биеийн тамир, спортын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгохоор зорьж байгаа бөгөөд “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах, үндэсний шигшээ багуудыг шинэчлэн зохион байгуулах, “Тамирчдын бэлтгэлийн төв”-ийг шинээр байгуулах, “Парис-2024” зуны олимпын наадамд эрчимтэй бэлтгэх аж. 

Түүнчлэн биеийн тамир, спортын шинжлэх ухааныг бүх талаар хөгжүүлэх, инновац нэвтрүүлэх, цахим санг төгөлдөржүүлэх, хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байна.