С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
О.Батбаяр: Омикроны шинэ хувилбар тархаж эхэллээ
Эрүүл мэндийн яамны үеийн мэдээллийн үеэр сайдын зөвлөх О.Батбаяр дэлхий дахинд коронавирусийн Омикроны шинэ хувилбар тархаж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Коронавирусийн Омикроны давлагаанд өртсөн дийлэнх улс оронд тохиолдлын тоо буурч, давлагаа хумигдах хандлагатай байна. Омикроны BA.2 гэсэн хувилбар дэлхийн 40 гаруй улсад бүртгэгдэж эхэллээ. Одоогоор Омикроны 9,800 орчим дэд хувилбарыг бүртгээд байна.
Энэ хувилбар нь эх хувилбартайгаа харьцуулахад ПГУ шинжилгээнд илэрдэг S генийн алдагдал алга болсон. Үүнтэй холбоотойгоор генийн дараалал тогтоох шинжилгээгээр тогтоох боломжтой байна. Тус хувилбарын халдварлах чадвар нь Омикроны эхний хувилбартайгаа харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байна.
Харин хүндрэл, нас баралт, вакцинаас зайлсхийх чадвартай нь холбоотой судалгаанууд хийгдэж байна. Гэхдээ олон эрдэмтэд вакцины бүүстер тунгийн хамгаалах чадвараас зайлсхийхээр өөрчлөгдөөгүй гэдгийг онцолж байгаа. Одоогоор ДЭМБ болон Их Британи улс уг хувилбарыг судалж байгаа бөгөөд ямар нэг ангилалд оруулаагүй байна. Үүнээс вирусийн хувилбарууд шинээр гарч, тодорхой хугацааны дараа алга болж байдгийг харж болно.
Зарим эрдэмтэд энгийн иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс дээрх шинэ хувилбарыг Омикроны дүү эсвэл хүү хувилбар нь гэж хошигнон нэрлэж байна. Дани улсад Омикроны шинэ хувилбартай холбоотойгоор тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч эмнэлэгт хэвтэх хүний тоо нь нэмэгдээгүй байна. Шинэ хувилбар нь вакцингүй буюу эрсдэлт бүлгийн хүн амд аюул учруулж болзошгүй гэдгийг эрдэмтэд онцолж байгааг хэлье" гэв.