Н.Тавинбэх: 11.4 их наяд төгрөг хэрэгтэй

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дулааны шугам сүлжээнд үүссэн доголдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Амгалан дулааны станцын цахилгаан хангамжид өчигдөр хүчдэлийн хэлбэлзэл гарсантай холбоотойгоор дулааны эрчим хүчний үндсэн параметрууд өөрчлөгдөх үед хэрэглэгчийн болоод төв магистраль шугам дээр гэмтэл гарсан. Үүний улмаас Амгалангаас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгчдийг тодорхой хугацаанд хязгаарласан. Шөнийн 02:00 цаг гэхэд манай ажилчид гэмтлийг засварласан. Одоо бүх хэрэглэгчдийг хангаад байна.

Улаанбаатар хотын хэрэглэгчдийг дулаанаар хангадаг төв магистраль 390 орчим км урттай шугам бий. Үүний 70 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Эдгээрийг зайлшгүй шинэчлэх, өргөтгөх шаардлагатай. Бид энэ ажлыг донор орнуудын хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгөөр шинэчилж байна. Удаан хугацаанд үргэжилнэ. Өнгөрсөн оны аравдугаар хорооллын шугамд таван гэмтэл гарсныг шинэчилсэн. Энэ жил “Дулааны цахилгаан станц-3”-аас Улаанбаатар хот хүртэлх 7.4 км урттай магистраль шугамуудыг шинэчилнэ. Цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжийн хувьд Монгол Улс амаргүй нөхцөл байдалд байна. Хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ давсан, нөөц тоноглолгүй, их хэмжээний элэгдэлд орсон эрсдэлтэй байна. Тиймээс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, эх үүсвэр талдаа анхаарах хэрэгтэй байна.

Хатуу түлшээр ажилладаг станцуудыг зогсоогоод эргэн ажиллуухад дор хаяж 3-6 цаг болдог. Энэ бас тасалдалт, саатлалын хугацааг уртасгаж байна. Цаашдаа эх үүсвэрийн төрлөө олшруулж, тархмал болгох шаардлагатай байна. Бүрэн засварын ажилд нийтдээ 11.4 их наяд төгрөг хэрэгтэй" гэв.