Сав газрын захиргаадад 27 автомашин гардуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Сав газрын захиргаадад авто машин гардуулжээ.

Сав газрын захиргаадад ажиллаж буй албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжөөс гадна туулах чадвар сайтай автомашин нэн хэрэгцээтэй байдаг. 

Иймээс сав газрын захиргаадын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр ОХУ-д үйлдвэрлэсэн Монгол орны газар нутагт тохирсон УАЗ Фургон маркийн 27 ширхэг авто машиныг 18 Сав газрын захиргаанд гардуулан өгсөн нь энэ юм. 

БОАЖЯ-нд харьяалагддаг Сав газрын захиргаад нь тухайн нутаг дахь сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах, усны тоо бүртгэлийг жил бүр хийх, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах үүрэг хүлээдэг.

Мөн гол мөрөн, нуур усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах, ус ашиглах болон хаягдал усны дүгнэлт гаргах, гэрээ байгуулж зөвшөөрөл олгох, гэрээний биелэлтэд хяналт тавих зэрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг билээ.

“Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд  “Улсын болон сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, усны аюулгүй байдлыг хангах” талаар тусгасан байдаг. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ авто машин гардуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төрөөс усны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нийт ажилтан, алба хаагчдын үүрэг оролцоо чухал байр суурийг эзэлдэг. 

Цаашид БОАЖЯ, ОББҮХ-ны зүгээс Усны газар, сав газрын захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах, ажиллах нөхцлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах талаар анхаарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.