Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр нарын зургаан хүнийг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэг, үйлдлийг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэн, улмаар зарим хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа билээ.

Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба тэдгээрээс 8 санхүүжилтийн явцад гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Б, УИХ-ын гишүүн асан Г нарт холбогдох албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж улсад 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М, ТУЗ-ийн дарга Ш, тус зөвлөлийн гишүүн О нарт холбогдох албан тушаалын эрх мэдлээ урвуулж улсад 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, тус банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй иргэн Б, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтан Г, албаны эрх мэдлээ урвуулан албан тушаалтныг дарамталж хамаарал бүхий этгээддээ давуу байдал үзүүлсэн Б, зээл олгосны хариуд бусдаас хахууль авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Э нарын хүмүүсийг яллагдагчаар татаж хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн юм.   

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авах ажлыг зохион байгуулж, хууль бус тогтоол гаргуулснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр буюу 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, Хөгжлийн банканд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Түүнчлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17.8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг мөрдөн шалгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр, мөн тус банкны нэр бүхий 6 албан тушаалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.