Өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй

Олон нийтийн сүлжээнд буюу Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх твиттер хаягаас "Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!" гэх утга бүхий жиргээ нийтлэгдсэн. Тэгвэл тус хаяг нь хуурамч юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын албан ёсны твиттер хаяг нь Sumiyabazar MNG (SumiyabazarD), албан ёсоор баталгаажсан тэмдэг (Verified)-тэй.

2009 онд НИТХ-аас сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэ журамд өөрчлөлт оруулаагүй бөгөөд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл олгоогүй гэдгийг иргэд, олон нийт анхаарна yy. Иймд иргэд, олон нийт та бүхэн хуурамч хаягаас нийтэлсэн худал ташаа мэдээлэлд автахгүй байж, баталгаатай эх сурвалжаас мэдээ, мэдээлэл аваарай.