Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтыг нээлээ

Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг албан ёсоор нээжээ. Хоёр улсын уламжлалт баяртай холбогдуулж, энэ сарын 1-нээс 4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Замын-Үүд боомтод өнгөрсөн дөрвөн өдөрт цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулж, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулж, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллажээ.

Уг боомтоор өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 11-нээс 31-ний өдрийн байдлаар нийт 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16280 тн ачаа татан авсан байна.

Цаашид Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байгаа аж. Замын-Үүд боомтоос гадна Ханги, Мандал боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Булган боомтоор нүүрсний тээвэрлэлт явж буй.