С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
Чингэлтэй дүүрэг 24 хороотой болов
Чингэлтэй дүүрэг УИХ-ын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор анх үүсэн байгуулагдсан түүхтэй. Энэ жил Чингэлтэй дүүргийн 30 жилийн ой тохиож байна.
Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай НИТХ-ын тогтоолыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд өчигдөр гардуулан өгчээ.
Дүүрэг үүсэн байгуулагдан Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын 1992 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж 18 хороотой зохион байгуулагдаж байжээ.
Өдгөө Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 160 орчим мянган хүн амтай нийслэлийн хоймор дүүрэг болон өргөжсөн байна. Мөн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 5 хороог хувааж, зохион байгуулалт хийснээр Чингэлтэй дүүрэг 24 хороотой болж байгаа юм.
Түүхэн 30 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүрэг бүтээн байгуулалт хийх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг улам сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.