Гурван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахгүй

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ирэх даваа гарагаас эхлэх цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгсөн юм.

Тодруулбал, "Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн цэцэрлэгт хамруулна. Гэхдээ нэг асуудал байна. Хоёр настай хүүхдүүд нь гурван настай анги руугаа шилжээд байгаа учраас бүртгэх шаардлагагүйгээр орсон хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдана. Хоёр настайдаа цэцэрлэгээс гадуур үлдсэн хүүхдүүдэд шинэ бүртгэлийн асуудал үүснэ. Шинээр үйл ажиллагаанд орсон цэцэрлэгүүдэд эдгээр хүүхдийн бүртгэлийг хийнэ.

Гурван насныхан дунд 100 хувийн хамрагдалт хийж чадахгүй. Монгол Улсын хэмжээнд гурван настай 76,763 мянган хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролын түвшинд 61 хувийг хамруулах боломжтой. 47 мянган хүүхдийг хамруулах боломжтой гэсэн үг. Төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг шахна. Аль болох олон хүүхэд хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийг судалж байна. Хоёр болон гурван настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийнхээ багтаамжийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарлаа хандуулна. Гурван настай хүүхдүүдийн 61 хувийг, дөрвөн настай хүүхдүүдийн 86 хувийг, таван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахыг зорьж ажиллаж байна. Одоогийн гүйцэтгэлээр таван настай хүүхдүүдийн 93 хувь нь цэцэрлэгт хамрагдсан байгаа" гэдгийг салбарын сайд онцоллоо.