С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана
О.Батбаяр: Халдварын өсөлт 20-30 хувь нэмэгдэнэ
УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Ковид-19"-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Манай улсын халдварын оргил үе нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт байсан. Цагаан сараар хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Гэхдээ энэ өсөлт нь оргил үеийн өсөлтөд хүрэхгүй. Бидний тооцоолж буйгаар 20-30 хувь нэмэгдэнэ. ХӨСҮТ-ийн судалгаанаас харвал манай улсад бүртгэгдэж буй тохиолдлуудын 99 хувь нь Омикрон хувилбар байна. Гэхдээ сар шинийн баярыг өдрүүдэд Европын орнуудаас BA.2 хувилбар орж ирсэн байх боломжтой. Шинжилгээ хийж байгаа. Нэгдүгээр сард Омикрон хувилбараар өвчилсөн хүмүүс PCR шинжилгээ нь эерэг гарснаас хойш 21 хоногийн дараа вакцинд хамрагдахгүй бол Омикроны дэд хувилбар болох BA.2 хувилбараар дахин өвчлөх эрсдэлтэй.
Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр урьдчилсан байдлаар илрүүлэх боломжтой байсан. Харин одоо мутацид орсон учраас PCR шинжилгээгээр илрүүлэх боломжгүй. Генийн дараалал тогтоох шинжилгээ хийж илрүүлнэ. Гэхдээ бүх сорьцод хийхгүй. PCR шинжилгээ эерэг сорьц, нас барсан хүмүүсийн сорьц зэрэг түүвэр сорьцуудад хийдэг" гэлээ.