68 суманд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хэрэгжүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан Ажлын хэсэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Элейн Конкиевич болон түүний баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төслийн 2021 оны явц, үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, 2022 оны төлөвлөлт, тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцов.

2021-2028 оны хооронд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжих уг төсөл нь

  • Үндэсний болон бүс нутгийн түвшинд газар, усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөж, хэрэглэдэг болох,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийн арга ажиллагааг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэх,
  • Гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадавхыг нэмэгдүүлж, бэхжүүлэх гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээр хэрэгжинэ.

Үүний үр дүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэд, орон нутаг, бүс нутгийн өртөмтгий байдал багасч, даван туулах чадвар нэмэгдсэн байна.
  • Мөн эко системийн даац, үйлчилгээ сайжирсан байна.
  • Түүнчлэн уур амьсгалын мэдээлэлд түшиглэсэн төлөвлөлтийг дэмжсэн институцийн болон зохицуулалтын тогтолцоо бэхэжсэн байх юм.