Нийтийн тээвэр, автомашиныг шингэрүүлсэн байгалийн хийгээр хангах санал тавьжээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагууд болон албаны бусад төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийлээ.

Уулзалтад Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович, тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Нефьт хийн газрын дарга Радионов Михайл Юрьевич, орлогч дарга Лавров Леонид Алексеевич, хамтарсан компанийн Ерөнхий захирал Горелов Александр Витальевич, “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Лий Ил Гио, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Г.Даваажаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Газпромбанкны удирдлагууд уулзалтын эхэнд хамтарсан нэгж байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович “Байгальд ээлтэй шингэрүүлсэн байгалийн хийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобус, автомашины хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хангах, цаашлаад Эрхүү зэрэг хотод шингэрүүлсэн хийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах, түгээх станцууд барих төлөвлөгөөтэй байна.

Харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд Нийслэлийн хотын удирдлагуудын зүгээс бодитой дэмжлэг, ойлголцол, шат дараалсан хэлэлцээр чухал. Нийслэлийн иргэдийн шатахууны хэрэглээг хөдөлгүүрийн газ хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн зүгээс бодлогоор тодорхой дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Уул уурхайгаас ангид байгальд ээлтэй, сэргээгддэг эх үүсвэрийг дэлхий нийтээр эрэлхийлж байна. Энэ бол дан ганц Улаанбаатар хотын асуудал биш. Дэлхий нийтийн асуудал. Нийслэл, харьяа агентлаг, газрууд агаарын  болон хөрсний бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийг бууруулах зорилгоор хатуу түлшийг байгальд ээлтэй эх үүсвэрээр солих ажилд анхааран ажиллаж байна. Үр дүнд хүрсэн бодитой шийдэлтэйгээр хамтран ажиллахад таатай байна. Хотын зүгээс мэргэжлийн баг бүхий хөрөнгө оруулалтын ажилд НИТХ-ын бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэлээ.

Хамтарсан уулзалтын үеэр Газпромбанкны төлөөлөгчид Улаанбаатар хотын иргэдийн шингэрүүлсэн хийн хэрэглээ нэмэгдэж байгаа хэдий ч эх үүсвэр, түүхий эд, түлшний хангамж тасалддаг, үйлдвэр цөөтэй зэрэг бэрхшээл байгаа нь судалгаанаас харагдаж байна. Нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн тээврийн автобусны тоо хэмжээг нэмэгдүүлж, байгалийн хийн түлшний хэрэглээг дэмжих нь чухал болохыг онцолсон юм.