Аймгийн Засаг дарга нарт анхааруулга өгчээ

Хүний эрхийн үндэсний комиссоос аймгийн Засаг дарга нарт хандан зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, хууль тогтоомжийг зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулахыг анхааруулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.

2022 оны цагаан сарын баяраар Архангай аймгийн Булган, Ихтамир, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Батсүмбэр, Баянжаргала зэрэг сумдад хурдан морины бэсрэг бооцоот уралдаан зохион байгуулжээ. 

2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын элстэй гэх газарт хурдан морины уралдаанд бэлдэж байсан хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ. Хүйтний улиралд бага насны хүүхэд энэ мэтээр хурдан мориноос унаж бэртэх, эрүүл мэндийн ноцтой хохирол амсах эрсдэл их байгаа тул ХЭҮК-иос аймгуудын Засаг дарга нарт хандаж  холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг уг зөвлөмжөөр сануулж буй юм.